Үндсэн агуулга руу шилжих
Олон улсын монголч эрдэмтдийн их хурал 2026.08.13–14 Дэлгэрэнгүй
Нүүр›Мэдээ, мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

Зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэр, арга хэмжээний талаарх албан ёсны мэдээлэл.

Албан ёсны мэдээлэл

Зөвлөлийн шийдвэр, арга хэмжээний мэдээлэл

Хуралдааны шийдвэр, Засгийн газрын тогтоол, төлөвлөгөө батлагдсан талаарх мэдээллийг он дарааллаар нийтэлнэ.

Тогтоол2026 оны 07 дугаар сарын 01

Засгийн газрын 284 дүгээр тогтоол батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас «Хархорумын олон улсын эрдмийн чуулган», «Монгол уламжлалт тэмцээн»-ийг зохион байгуулах тухай 284 дүгээр тогтоолыг баталлаа.

Тогтоолоор Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгэдэй хааны мэндэлсний 840 жил, Монголын Буддын шашны анхны хийд Эрдэнэ Зуу хийд байгуулагдсаны 440 жилийн ой-г тохиолдуулан дээрх арга хэмжээг 2026 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Хархорум (Хархорин) хотод зохион байгуулахаар тогтов.

Мөн арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулах үүргийг холбогдох сайд нар, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар болон Хархорум хотын Зөвлөлд даалгаж, шаардагдах зардлыг Хархорум хотын Зөвлөлийн 2026 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэхийг зөвшөөрсөн.

Түүнчлэн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах, хууль тогтоомжоор хориглоогүй хандив, санхүүгийн болон бусад дэмжлэгийг авч хамтран ажиллахыг Хархорум хотын Зөвлөлд зөвлөсөн.

Чуулганы дэлгэрэнгүй мэдээлэл

Захирамж2026 оны 07 дугаар сарын 09

Эрдмийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 153 дугаар захирамжаар «Хархорумын олон улсын эрдмийн чуулган», «Монгол уламжлалт тэмцээн»-ийг 2026 оны 08 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд ахлагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Биеийн тамир спортын улсын хороо, Шинжлэх ухааны академийн удирдлага, Хархорум хотын Зөвлөлийн дарга, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нар багтав.

Шаардлагатай тохиолдолд холбогдох төв, орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан Дэд ажлын хэсэг байгуулан ажиллуулахаар заасан.

Зөвлөлийн хуралдаан2026 оны 06 дугаар сарын 24

Зөвлөлийн Ажлын албаны бүтэц батлагдлаа

Хархорум хотын Зөвлөлийн хуралдаанаар Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталлаа. Үндэслэл нь Хархорум хуулийн 13.1, 14.1, Төрийн албаны тухай хуулийн 11.2, Засгийн газрын 2026 оны 118 дугаар тогтоолоор баталсан «Хархорум хотын Зөвлөлийн ажиллах журам»-ын холбогдох заалтууд юм.

Тогтоолоор орон тооны хязгаарын хүрээнд ажлын байрны тодорхойлолт баталж, хүний нөөц бүрдүүлэх, Ажлын албаны дүрэм журам боловсруулан батлуулах үүргийг Зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргад даалгасан.

Ажлын албаны бүтэц үзэх

Төлөвлөгөө2026 он

Зөвлөлийн 2026 оны II хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө

Зөвлөлийн 2026 оны II хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө гурван зорилтын хүрээнд боловсруулагдав: хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох; гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх; хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих төсөл, арга хэмжээ зохион байгуулах.

Төлөвлөгөөнд Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлын хүрээнд Хархорумын олон улсын эрдмийн чуулганыг Хархорум хотод зохион байгуулах, УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг 9 дүгээр сард хотод хуралдуулах, БНХАУ-ын Цинхуа их сургуультай санамж бичиг байгуулах, Их хаадын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг арга хэмжээ тусгагдсан.

Төлөвлөгөө бүрэн эхээр

Мэдээлэл2026 он

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн үзэл баримтлалыг дэмжив

Засгийн газрын 116 дугаар тогтоолоор Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, түүнд нийцүүлэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахыг зөвшөөрсөн.

Мөн олон улсын туршлагатай Стратегийн зөвлөх багийг шалгаруулж ажиллуулах, санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн.

Үзэл баримтлал үзэх