Үндсэн агуулга руу шилжих
Олон улсын монголч эрдэмтдийн их хурал 2026.08.13–14 Дэлгэрэнгүй
Нүүр›Хархорум хот

Хархорум хот

Их Монгол Улсын нийслэл байсан түүхэн Хархорумыг Орхоны хөндөд сэргээн байгуулж, улсын зэрэглэлтэй, бие даан хөгжих чадвартай орчин үеийн хот болгон цогцлоох зорилт.

Түүхэн товчоон

Орхоны хөндий бол Монголын тал нутгийн төрт ёсны уламжлалт төв — Хүннүгийн Луут хот, Жужаны Мумо, Түрэг, Уйгурын Хар балгас (Орду Балык) зэрэг нийслэлүүд энд оршиж байсан. 1220 онд Чингис хааны зарлигаар үүсгэн байгуулагдсан Хархорум нь Өгэдэй, Гүюг, Мөнх хаадын үед мандаж, дэлхийн олон улс, соёл иргэншлийг холбосон Pax Mongolica-гийн үеийн жинхэнэ дэлхийн нийслэл болсон.

1586 онд Хархорум хотын туурин дээр Монголын Буддын шашны анхны хийд Эрдэнэ Зуу байгуулагдсан бөгөөд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн.

Чингис хаан — Юань улсын үеийн хөрөг
1220

Үүсгэн байгуулагдав

Чингис хааны зарлигаар Орхоны хөндөд нийслэл хот байгуулах суурь тавигдав.

Өгэдэй хаан — Юань улсын үеийн хөрөг
1236

Түмэн Амгалант ордон

Өгэдэй хааны зарлигаар хааны харш ордон бүтээн байгуулагдав.

Эрдэнэ Зуу хийд
1586

Эрдэнэ Зуу хийд

Монголын Буддын шашны анхны хийд Хархорумын туурин дээр байгуулагдав.

«Мөнгөн мод» — 17-р зууны сийлбэр
Хотын бэлгэдэл

«Мөнгөн мод»

Хот нь эртний Хархорум хотын түүх, өв соёл, уламжлалыг илэрхийлсэн «Мөнгөн мод» бүхий бэлгэдэлтэй байна (хуулийн 28.2).

Хархорум хотын өдөр

Хотын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдөр байна (хуулийн 28.1).

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал

Засгийн газрын 2026 оны 116 дугаар тогтоолоор Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, түүнд нийцүүлэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахыг зөвшөөрсөн.

Хэрэгцээ, шаардлага

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын 50 хувь, аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдааны 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь төвлөрсөн байна. Энэхүү хэт төвлөрлийг сааруулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах шаардлагаас Хархорум хотыг сэргээн байгуулах бодлого урган гарсан.

Найман суурь зарчим

  1. Мөнх орших хот байх;
  2. Pax Mongolica-г эдүгээчлэх;
  3. Дэлхийн нийслэл байсан статусыг сэргээх;
  4. Олон шашны зэрэгцэн оршихуйг хангах;
  5. Улсын Их Хурал байнга оршин ажиллах нийслэлийн статустай хот байх;
  6. Дэлхийн монголчуудын зорьдог хот байх;
  7. Бизнесийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх;
  8. Санхүүжилтийн олон эх үүсвэртэй байх.

Хот төлөвлөлтийн 14 зарчим

Эхний ээлжид хотын төв хэсэгт 800 гаруй жилийн өмнөх эртний хотыг сэргээн босгох; монгол уламжлалт хот-айл, хүрээ төлөвлөлтийг хэрэглэх; археологийн дурсгалыг ил музей болгох; түүх-соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх; бүсчилсэн хөгжил, экспортын чиг баримжаа; хөрөнгө оруулалтын баталгаатай эрх зүйн орчин; хүн (гэр бүл) төвтэй олон төвт хот; инновацид суурилсан ухаалаг үйлдвэрлэл, хүнд сурталгүй таатай татварын орчин; эко хот, сэргээгдэх эрчим хүч; гамшгаас урьдчилан сэргийлэх; тээврийн сүлжээ; УИХ Хархорумд байнга оршин ажиллах; онцгой статустай бие даасан хотын эрх зүйн цогц орчин; оршин суугчдыг татах олон талт хөшүүрэг.

Тэргүүлэх долоон чиглэл

2040 он буюу Хархорум үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойгоор цогцлоох чиглэлүүд:

I. Нийслэлийн статустай, өөрийн эрх зүйтэй бие даасан хот

Онцгой статустай, бие даасан хотын эрх зүйн цогц орчинтой, Улсын Их Хурал байнга оршин ажиллах боломжтой нийслэлийн статустай хот.

II. Түүх, соёл, урлагийн олон төрөлт аялал жуулчлалын хот

Түүхэн бүс, археологи-палеонтологи, Эрийн гурван наадам, рашаан сувилал, виртуал аялал жуулчлал. Эртний хотын туурийг битүү байгууламжтай ил музей болгоно.

III. Шинжлэх ухаан, боловсрол, өндөр технологийн оюунлаг хот

Технологийн парк; био, нано, робот технологи; үндэсний болон олон улсын дата төв; хиймэл оюун ухаан; ухаалаг удирдлагын нэгдсэн төв; стартап экосистем; дижитал барилгажилт.

IV. Олон улсын бизнесийн эко хот

Олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газар; чөлөөт бүс — банк, санхүү, оффшор татварын хөнгөлөлттэй онцгой бүс; НҮБ-ын салбар; олон улсын банк, хөрөнгийн бирж; гадаадын их сургууль; ШУА-д түшиглэсэн Хархорум их сургууль (дэлхийн шилдэг 30-д багтаах зорилт); Орхон голын хамгаалалт; Хэлтгийн цагаан нуурын сэргээлт; суурьшлын бүсийн 50-аас доошгүй хувь ногоон байгууламж; Их хаадын цэцэрлэгт хүрээлэн.

V. Тээвэр логистикийн төв хот

Улаанбаатар–Хархорум хурдны төмөр зам; 4E зэрэглэлийн нисэх буудал; хуурай боомт; Улаанбаатар–Лүн 6 эгнээ, Лүн–Хархорум 4 эгнээ авто зам; 500 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам. Тооцоолсон үр дүн: 24 300 ажлын байр, 56 386 хүн ам.

VI. Хөдөө аж ахуйн кластер хот

Органик хүнс, фермер аж ахуй, «Цагаан алт» хөтөлбөр, Агропарк, Үрийн сан.

VII. Экспортын чиг баримжаатай мэдлэгт суурилсан үйлдвэрлэл

Инновацид тулгуурласан, өндөр нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл.

Орон зайн төсөөлөл. 189 мянган га нутаг дэвсгэрийг 6 бүс болон экологийн коридороор төлөвлөх; хүн амыг үе шаттайгаар 500 мянгад хүргэх; Чартер хот, Проспера зэрэг олон улсын жишгийг судлан хэрэглэх; иргэн оршин суугаа газраасаа 300–800 м зайд нийгмийн үйлчилгээ авах олон төвт төлөвлөлт.

Нутаг дэвсгэрийн бүсчлэл

Хархорум хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хотын нутаг дэвсгэр Хот байгуулалтын тухай хуульд зааснаас гадна дараах бүсчлэлтэй байх бөгөөд бүс тус бүр тусгайлан баталсан бүсчлэлийн дүрэмтэй байна.

Археологийн судалгааны бүс

Нийгмийн дэд бүтцийн бүс

Тээвэр, логистикийн бүс

Инженерийн дэд бүтцийн бүс

Хамгаалалтын бүс

Холимог ашиглалтын бүс

Нөөц бүс (цагаан газар)

Төлөвлөлтөд тавигдах гол шаардлага

ЗаалтШаардлага
8.1.1Иргэд оршин суугаа газраасаа 300–800 м зайд сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээнд хүрэх боломжтой байх
8.1.2Суурьшлын бүсийн 50-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байх
8.1.5Хүн амын нягтаршил 460 хүн/га-аас ихгүй байхаар төлөвлөх
8.1.9Олон нийтийн барилга байгууламж саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг ангилах технологид тулгуурлах
8.1.10Инженерийн шугам сүлжээг газар доорх хонгилын системээр шийдэх
8.1.11Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглах орон зайг бий болгох
8.1.13Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хүртээмжтэй орчныг бүрдүүлэх
8.3Ерөнхий төлөвлөгөө 20 жил, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 5 жил-ийн хугацаатай

Төлөвлөлтийн баримт бичиг

Хархорум хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хот дараах төлөвлөлтийн баримт бичигтэй байна:

Баримт бичигБатлах эрх бүхий этгээд
Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалЗасгийн газарт танилцуулж зөвшөөрөл авна
Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөЗасгийн газар
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөХотын Зөвлөл (Захирагчийн саналыг үндэслэн)
Төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлХотын Захирагч
Барилгажилтын төсөлХотын Захирагч
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөХотын Зөвлөл (Захирагчийн саналыг үндэслэн)